Онлайн худалдааны аюулгүй байдлын зөвлөмж

 

 

Хүмүүсийн цаг завыг хэмнэх, интернэт орчинд гадаад болон дотоодоос түргэн шуурхай худалдан авалт хийх зэрэг боломжуудыг олгодог үйлчилгээний нэг төрөл бол Онлайн худалдаа юм. Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед худалдаа үйлчилгээний салбарт суурилсан маш олон төрлийн аппликэйшн, сайтууд бий болсоор байна. Үүнтэй зэрэгцэн бусдыг залилах, хууран мэхлэх, бусдын мэдээллийг олж авах, хулгайлах зэрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна. Иймд интернэт орчинд худалдан авалт хийхдээ өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллүүдийг аюулгүй байлгах нь нэн чухал юм.

Та бүхэн дараах зөвлөмжүүдтэй танилцана уу. Үүнд:

Сайтын аюулгүй байдлаа анхаарах:

  1. Худалдан авалт хийж буй сайтынхаа мэдээлэл, бүтээгдэхүүний тайлбар, анхаарал татахуйц хямд үнэ, өндөр ашиг амласан эсэхийг сайтар нягтлах. Холбоотой сөрөг сэтгэгдлүүд их бичигдсэн бол тухайн сайт дээр гүйлгээ хийхээс татгалзах
  2. Хандаж буй вэб сайт, аппликейшнүүд нь аюулгүй байдлын шаардлага хангасан буюу тухайн линк  хаягийн "http"-ийн ард "s" байгаа эсэхийг шалгах. (https://)
  3. Аюулгүй байдлын шаардлага хангаагүй, илт хуурамч вэб сайтууд руу хандан хувийн болон картын мэдээллээ оруулахгүй байх, уг сайтуудыг ашиглахгүй байх
  4. Дараах тэмдэглэгээ бүхий хамгаалалтын технологитой вэб сайтуудаар үйлчлүүлж байх

Картын аюулгүй байдлаа анхаарах:

  1. Картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV код, пин код, онлайн гүйлгээний E-код зэрэг нууц мэдээллүүдээ бичиж тэмдэглэхгүй байх, бусдад дамжуулахгүй байх
  2. Худалдан авалт хийх гэж буй сайтын төлбөрийн нөхцөл, журамтай анхааралтай танилцсаны дараа картын мэдээллээ оруулдаг байх
  3. Төлбөрийн картаа вебсайт, аппликэйшн-д бүртгүүлсэн бол тогтмол дүнгээр суутгал хийгдэх эсэхийг шалгаж шаардлагагүй тохиолдолд картын холболтыг салгах
  4. Та картаа зөвхөн онлайн худалдан авалт хийхэд ашигладаг бол хэрэглээгүй үедээ тухайн картыг идэвхгүй болгож эрсдэлээс сэргийлэх

Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа анхаарах:

  1. Олон нийтийн үнэгүй WiFi сүлжээнд холбогдсон үедээ онлайн худалдан авалт хийхээс татгалзах, учир нь таны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг.
  2. Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаа өөрчилсөн бол тухай бүрт нь банкандаа мэдэгдэж мэдээллээ шинэчилдэг байх

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК