Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “UnionPay Cup - 2016” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

2016-05-06


Дэлхийн 157 орны, 5.5 тэрбум харилцагчид ашигладаг, ЮнионПэй картын нэрэмжит “UnionPay Cup-2016” хөлбөмбөгийн Олон улсын нөхөрсөг тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж, энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Төрийн банкны хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцон амжилтаар дүүрэн эх орондоо ирлээ.

Тус тэмцээнд “ЮнионПэй Интернэшнл” байгууллагатай хамтран ажилладаг Хятадын хөдөө аж ахуйн банк, Өвөр монголын банк, Өвөр монголын банкны нийгэмлэгийн шигшээ баг тамирчид болон Спортын мастер Б.Гомбо-Очир ахлагчтай Монгол улсын Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. 

Төрийн банкны шигшээ багийн хувьд энэ удаад зөвхөн төвийн ажилтнууд болон УБ хотын салбарын төлөөлөл болсон банкны ажилтнууд багтсан юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Төмөр замчдын Хөлбөмбөгийн талбай болон Өвөр монголын Их Сургуулийн хөл бөмбөгийн ногоон талбайд 3 өдрийн турш зохион байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнд манай баг тамирчид 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол гэсэн үзүүлэлттэй оролцсоноос хаалганд оруулсан бөмбөгийн тоо болон чанарын үзүүлэлтээр бусад багуудаа тэргүүлж, цомын эзэд болсон юм.

Эхний тоглолтыг манай баг тамирчид Өвөр Монголын банкны шигшээ багтай хийсэн бөгөөд эзэн багийнхан 25 дахь минутанд тооны харьцааг нээсэн юм. Гэвч 10 хормын дараа 5 дугаартай Б.Дашдорж гоолын хариуг барьж, 1:1 харьцаатай болгосноор эхний үе өндөрлөв. Тоглолтын 2-р үе эхлэхэд Өвөр Монголын банкныхан сэлгээ хийж, 50 дахь минутанд тооны харьцааг 2:1 болгосон. Манай баг тамирчдын хувьд хэд хэдэн аюултай довтолгоог үзүүлж, айлын хаалганд 3 бөмбөг оруулсан боловч шүүгчдийн зүгээс тооцолгүй, илт нэг талыг барьж шүүсээр тус тэмцээн өндөрлөсөн.

Хоёр дахь өдрийн тоглолтыг манай баг тамирчид Хятадын хөдөө аж ахуйн банкны Өвөрмонголын салбар банкны шигшээ багтай хийсэн. Энэ тоглолтонд манай баг илт давуу тоглож, 35 дахь минутанд 9 дугаартай багийн ахлагч Б.Гомбо-Очир эхний гоолыг хийв. Гоолын тоо үүгээр дууссангүй, 40 дахь минутанд Б.Гомбо-Очир, 65 дахь минутанд 4 дугаартай Т.Санчир нар дахин гоолдож, тооны харьцааг 3:0 болгосноор өрсөлдөгчөө буулган авлаа.

Гурав дахь өдрийн тоглолтыг Өвөрмонголын банкны нийгэмлэгийн багтай буюу Өвөрмонгол дахь банкуудаас сонгогдсон шигшээ багийн тамирчидтай хийсэн юм. Эн тэнцүүхэн өрсөлдөж байсан тэмцээнд эзэн багийнхан 15 дахь минутанд өөрийн ганц гоолыг хийсэн. Хоромын дотор гоол алдсан манай “Улаан өмсгөлтнүүд”-ийн хувьд хэд хэдэн идэвхтэй довтолгоог хийсэн боловч “Шар өмсгөлтнүүд” хамгаалсаар тоглолтын үндсэн цаг дууссан юм.

Харин шүүгчийн зүгээс нэмэлт 4 минутыг сунгахад шүүгчийн мэдлийн цаг дуусахаас 2 минутын өмнө буюу 92 дахь минутанд 5 дугаартай Б.Дашдоржийн хажуугийн шугамаас дамжуулсан бөмбөгийг Б.Гомбо-Очир мөргөж, айлын хаалгыг мялааснаар тэмцээнийг 1:1 харьцаатайгаар өндөрлөсөн юм.

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Б.Гомбо-Очир, Өвөрмонголын хөлбөмбөгийн банкны шигшээ багийн довтлогч Зан Вэн Бо, шилдэг хамгаалагчаар Төрийн банкны тамирчид болох Б.Төрбадрах, Б.Нямбаяр нар шалгарч, “ЮнионПэй Интернэшнл” байгууллагын нэрэмжит шагналын эзэд боллоо. Тэмцээнийг БНХАУ-аас оролцогч банкнуудын хөгжөөн дэмжигчдээс гадна Хөх хотод сурдаг Монгол оюутнууд ирж дэмжсэн нь улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм. “ЮнионПэй Интернэшнл” болон БНХАУ-ын Корреспондент банкуудын хувьд цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмцээний үеэр илэрхийлж байлаа. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК