ТӨРИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ Б.БАТТУЛГА-тай ЯРИЛЦЛАА.

2015-06-05


А: Юуны өмнө Төрийн банкаар дамжуулан олгож буй иргэдэд зориулсан бичил зээлүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

Х: Төрийн банк Монгол орны бүх аймаг, сум дүүрэгт байрлах 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны бүхий л үйлчилгээг иргэдийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурлан хүргэн ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлийг орон даяар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилт бүхий Эмэгтэйчүүдийн бүлэгт олгодог бичил зээлийг Хэнтий, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай аймгуудад, Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий Хот байгуулалтын салбарын төслийн зээл буюу иргэд цэвэр усны холболт, орон байрны нөхцлөө сайжруулахад зориулж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай,Орхон аймгуудад бичил зээлүүдийг амжилттай олгож хэрэгжүүлж ажиллаж байна.

А: Орон байрны нөхцлөө сайжруулахад олгож буй бичил зээлд хэрхэн хамрагдах вэ?

Х: Энэ зээл нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай , Орхон аймгийн төвд оршин суух гэр хорооллын иргэд цэвэр усны холболт, орон байрны нөхцлөө сайжруулахад зориулж олгож байгаа юм. Иргэд өөрийн хашаа байшиндаа цэвэр усны холболт хийх боломж байгаа эсэхийг орон нутгийн Ус сувгийн компаниас тодруулж үнийн судалгааг авах, мөн байшингийн нөхцлөө сайжруулах гэж байгаа бол төсөв хийсэн байх, тэгээд л орон нутгийн Төрийн банкны аль ч тооцооны төв, салбарт хандаж болно. Төсөв гэхээр иргэд хэцүү гэж боддог энэ ердөө л ямар материалыг хэдэн төгрөгөөр авах, байшиндаа засвар, өргөтгөл, дулаалга хийхэд хичнээн төгрөг болох талаар өөрөө бичиж ирэхийг хэлж байгаа гэж ойлгож болно. Зээлийг зориулалтын дагуу зарцуулахад энэ их ач холбогдолтой юм.

А: Зээлийн хүү, хэмжээний хувьд хэр байна вэ? Энэ нь иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл болж чадаж байна уу.

Х:  Зээлийн хэмжээ нь 15,0 сая төгрөг хүртэл , зээлийн жилийн 10 хувь,хугацаа 10 жил хүртэл,зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 1 жил байх боломжтой, мөн бага орлоготой өрх толгойлсон эмэгтэйтэй өрхөд олгох зээлийн хугацаа 10 жил хүртэл байх тохиолдолд  зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 2 жил хүртэл байх нөхцөлтэй байна. Төслийн зорилгын хүрээнд гэр хорооллын иргэд, ялангуяа бага орлоготой өрх амьдрах орчны нөхцлөө сайжруулахад сайхан боломж бүрдэж байгаа юм. Хүү, хугацаа, хэмжээний хувьд маш боломжийн зээл учраас иргэдэд бодит хөнгөлөлт болж чадаж байгаа.

А: Зээлд тавигдах шаардлага?

 Х:  Энэхүү зээлийг хүсэгч иргэн нь  төсөл хэрэгжиж буй аймгийн Засаг даргын тамгын газрын  тодорхойлсон бүсийн гэр хорооллын оршин суугч байх, амины сууц, хашаа байшингаа зөвхөн өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалтаар ашиглах, зээл хүсэгчийн сар тутам төлөх нийт зээл, хүүгийн төлбөрийн хэмжээ нь өрхийн сарын мөнгөн орлогын 30 хувиас хэтрэхгүй байх, зээлдэгч нь аливаа хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.

А:  Банкнаас зээл авахад иргэдэд тулгардаг том бэрхшээл бол барьцаа байдаг. Энэ тал дээр ямар нэг хөнгөлөлт танай банкны зүгээс үзүүлж байна уу?

Х:  Зээлийн зориулалтаас хамаарч  үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалж болно.  Хэрэв зээл хүсэгч маань цэвэр бохир усны холболт  хийх, эрчим хүчний хэмнэлттэй зуух барих, усны тоолуурт холбогдох зориулалтаар зээл авах тохиолдолд зээлдэгчийн болон гуравдагч этгээдийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалжб болно. Харин дээвэр,хана, шал дулаалах, сайжруулах,вакум цонх суурилуулах гэх мэт  сууцны нөхцлөө сайжруулах, засвар хийх зорилгоор зээл авах тохиолдолд зээлийн барьцаа нь тухай үл хөдлөх хөрөнгө буюу байшингаа барьцаалж болно. Хэрэв байшингаа гүйцээн барьж байгаа нөхцөлд барьцаа хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй байх тохиолдолд гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түр барьцаалах боломжтой. Мөн зээлийн хэмжээнаас хамаарч 5,0 хүртлэх зээлд хөдлөх хөрөнгө  барьцаалж болох зэрэг барьцааны талаар уян хатан нөхцөлтэй байгаа.

А: Зээлийн хэрэгжилт хэр байна? Хэдэн хүн энэ зээлд хамрагдаад байна?

Х: Өнөөдрийн байдлаар Төрийн банкны 4 салбарт энэ зээлийг 70 гаруй зээлдэгчийн 700,0 сая төгрөгийг олгоод байна.

А: Төрийн банкны зүгээс энэ төслийн зээлийг олгоход ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ ?

Х: Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүжүүлэгч байгууллага, төслийг хянаж зохицуулах байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Хот байгуулалтын салбарын Төслийн удирдах алба, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, Төслийг хэрэгжүүлэгч Бичил санхүүгийн хөгжлийн сан, Сангийн яам гэсэн байгууллагуудтай энэхүү зээлийн хүрээнд хамтран ажиллаж байна.

А: Та бүхэнд ажлын амжилт хүсье

Х: Баярлалаа, танд ч бас амжилт хүсье.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК