МОНГОЛД АНХ УДАА НИЙГМИЙН ДААТГАЛАА ОНЛАЙНААР ТӨЛДӨГ БОЛЛОО

2014-11-13


Монголд техник технологийн хурдтай хөгжлийг банкны салбар манлайлан нэвтрүүлж байна. Үүний үр дүнд хүмүүс банкинд ирэхгүйгээр ажлаасаа, гэрээсээ, ер нь хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжтой болж байгаа. Үүний нэг нь Төрийн банк НДЕГ-тай хамтран гаргасан Онлайнаар даатгалаа төлөх үйлчилгээ юмаа. Энэхүү шинэ үйлчилгээний талаар Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхжаргалаас тодрууллаа.

-    Юуны өмнө харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлж байдаг танай хамт олонд талархал илэрхийлье.
Баярлалаа, Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-    Төрийн банкнаас НДЕГ-тай хамтран гаргасан шинэ үйлчилгээнийхээ талаар манай уншигчдад танилцуулна уу?
Төрийн банк нь НДЕГ-тай хамтран сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, лавлагаа, үйлчилгээний хураамжийг Төрийн банкны интернэт банкны үйлчилгээг ашиглан шууд төлөх боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн банкнаас төлсөн нийгмийн даатгалын төлбөрүүд нийгмийн даатгалын байгууллагад шууд илгээгдэж, иргэд харьяа нийгмийн даатгалын хэлтэст очилгүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээ авах боломжтой юм.

-    Өмнө нь банкинд төлсөн төлбөрийн мэдээлэл нийгмийн даатгалд ирээгүй гээд олон хоногоор хүлээгддэг байсан асуудал шийдэгдэнэ гэсэн үг үү?
Тийм ээ. Иргэд хэзээ ч, хаанаас ч нийгмийн даатгалын үйлчилгээний төлбөрөө манай интернэт банкийг ашиглан төлснөөр хормын дотор нийгмийн даатгал төлөлтийн тайланд татагдаж, харилцагч нийгмийн даатгалаа төлсөн өдрөөр нь баталгаажуулах боломжийг нээсэн чухал алхам болсон.

-    Төрийн банкны интернэт банкны үйлчилгээ нь харилцагчдад ямар давуу тал олгож байгаа вэ?
Банкны уламжлалт олон төрлийн үйлчилгээг харилцагч өөрийн шаардлагад нийцүүлэн онлайнаар удирдаж, зохиомжлох, ашиглах боломжийг бий болгож байгаа. Энэ нь харилцагчид манай интернэт банкийг сонгох нэг шалтгаан болж байна. Жишээ нь та сайн дурын даатгалаа интернэт банк ашиглан төлөхөөр шийдсэн бол онлайнаар өөртөө шинэ данс үүсгэх, дансны жагсаалтаа удирдах зэрэг таатай боломжууд олон байгаа. Төрийн банкны 2,7 сая харилцагчдын дунд сайн дурын болон эрүүл мэндийн даатгалаа тухай бүр нь төлдөг 148,000 харилцагчид байдаг. Тиймээс энэхүү үйлчилгээ нь Төрийн банкны дээрх 148,000 харилцагчиддаа зориулсан үйлчилгээний хялбар шийдэл болж байна.

-    Энэ үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Маш энгийн. Бид Хүний хөгжил сангийн мөнгийг олгож байсан банкны хувьд  хүн бүрийг Төрийн банкинд данстай болгосон. Хэрэв та дансаа мэдэхийг хүсвэл манай лавлах 1800-1881 руу залгаад асууж болно.  Дансаа мэдсэнээр Төрийн банкны интернэт банкны эрх нээлгээд, энэ үйлчилгээг авч болно. Жишээ нь Та гадаадад ажиллаж, амьдарч байсан ч сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалаа инернэтээр төлж болно. Хэрэв энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл зааварчилгаа авахыг хүсвэл Төрийн банкны www.statebank.mn веб сайт болон www.facebook.com/StatebankMN фэйсвүүк хуудаснаас мэдэж болно.

-    Төрийн банк өөр ямар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ? 
Бид харилцагч нартаа интернэт банкны үйлчилгээгээр дамжуулан банкны олон төрлийн шинэлэг үйлчилгээг хүргэж байна. Төрийн банкны харилцагч нар банкинд ирэлгүйгээр данс нээж, карт захиалан, хадгаламж барьцаалсан онлайн зээлийг 5 минутын дотор авах боломжтой болсон.  Мөн бүх төрлийн мөнгөн шилжүүлэг хийхдээ дансны дугаар ашиглахгүйгээр, дансаа төлөөлсөн 4-8 оронтой тоогоор гүйлгээ хийдэг болгосон. Жишээ нь миний данс руу шилжүүлэг хийхэд миний утасны дугаарыг оруулаад гүйлгээ хийнэ гэсэн үг. Энэ нь харилцагчийн үйлчилгээгээ хялбаршуулах алхмын нэг. Цаашид бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам хөгжүүлж, харилцагчид ойлгомжтой, хялбар үйлчилгээг хүргэхийг зорьж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК