“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН БАНКНЫ 540 салбараар дамжуулан шуурхай авах боломжтой”

2014-07-09


ТӨРИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ц. ГАНЗОРИГ

- Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлийг Төрийн банк дамжуулан олгож байгаа. Энэ зээлийн талаар?

- Төрийн банк Монгол орны бүх аймаг, сум дүүрэгт байрлах 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан энэ оны 4-р сараас эхлэн Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд жижиг зээл олгож  байна. Энэхүү зээл нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, тогтвортой ажлын байр бий болгоход чиглэгдсэн, иргэдийг тогтмол орлоготой байлгах, амжиргааг нь дэмжих зориулалттай зээл юм. Хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний хүрээнд 2014, 2015 онд нийт 10000 ажлын байр бий болгох бөгөөд нийт зээлдэгчийн 50-аас доошгүй хувь нь 40-өөс дээш насны иргэд, малчид, 10 хүртэл хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зээл олгоход чиглэгдэх юм.

- Иргэд энэ зээлд хэрхэн хамрагдах вэ?

- Иргэд өөрийн харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эхлээд хандах юм. Өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа, төслийн зээлээр хэрэгжих ажлаа тусгасан төсөл боловсруулан Хөдөлмөрийн хэлтэсээс дэмжигдсэн албан тоот болон ажлын байр нэмэгдүүлэх гэрээ байгуулсны дараа өөрт хамгийн ойр байрлах Төрийн банкны салбарт зээлийн хүсэлтээ өгнө. Банк хүсэлтийг судлаж үзээд зээл олгогдоно.

- Зээлийн хүү, хэмжээний хувьд хэр байна вэ? Ажлын байр бий болгоход хөнгөлөлт дэмжлэг болж чадахуйц байна гэж үзэж байна уу? 

- Ажил олоход хүндрэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд 2 сая хүртэл төгрөгийн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд шинээр бий болох ажлын байрны тоо, Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн, эмзэг бүлгийн иргэдээс ажилд авах тоог харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд 10 сая хүртэл төгрөгийн зээлийг сарын 0.85 хувийн хүүтэйгээр 2 жил хүртэл хугацаагаар олгоно. Бичил бизнес эрхлэгч иргэдийн хувьд хүү, хугацаа, хэмжээ нь арилжааны зээлүүдтэй харьцуулахад илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй учраас дэмжлэг үзүүлж чадаж байгаа.

- Зээлд тавигдах шаардлага?

- Энэ бол нэг төрлийн бичил бизнесийн зээл учраас банкны зээлд тавигдах шаардлага мөрдөгдөнө. Гэхдээ энэ зээл нь зорилтот зээлдэгчдэд чиглэсэн, Төрөөс хэрэгжүүлж буй төсөл учраас харьцангуй хөнгөлөлттэй нөхцлөөр олгогдож байгаа.

- Тухайн орон нутагт 3 сарын хугацаанд оршин суусан, хувиараа хөдөлмөр, бизнес эрхэлдэг байх

- Банк, банк бус санхүүгийн байгууллагад аливаа  зээлийн муу түүхгүй байх

- Банкны шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх

- Тогтмол мөнгөн орлоготой байх, орлогоо батлах боломжтой байх гэсэн ерөнхий шаардлага тавигдна.

- Барьцаа хөрөнгийн талаар ярилаа. Банкнаас зээл авахад иргэдэд тулгардаг том бэрхшээл бол барьцаа байдаг. Энэ тал дээр ямар нэг хөнгөлөлт танай банкны зүгээс үзүүлж байна уу?

-Барьцааны хувьд манай банкны зүгээс зөвхөн энэ зээлийн хувьд хэд хэдэн хөнгөлөлт үзүүлж байгаа. Үүнд 5 сая төгрөг хүртэлх зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй байх,  манай банкнаас өмнө нь зээл авч байсан түүхтэй харилцагч нарт 10 сая хүртэл төгрөгийн зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахыг шаардахгүй. 

Мөн Төрийн банк Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн нэгжийн Батлан даалтын сан, Зээлийн батлан даалтын сан гэсэн хоёр батлан даалтын сантай хамтарч ажиллаж байна. Зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай тохиолдолд зээлийн батлан даалтын сан зээлдэгчийн өмнөөс банкинд баталгаа гаргаж өгнө гэсэн үг юм. Банкнаас авах зээлийн 60 хүртэл хувьд барьцаа хөрөнгийн батлан даалт гаргуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, та 5 сая төгрөгийн зээл авахад 3 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулж болох нь байна.

- Зээлийн хэрэгжилт хэр байна? Хэдэн хүн энэ зээлд хамрагдаад байна?

- Бид зээл олгож эхлээд 3 сар болж байна. Энэ хугацаанд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд нийт 2200 гаруй зээлдэгчдэд 7,2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Сүүлийн нэг сарын хугацаанд зээл олголт эрчимжиж байгаа нь Төрийн банк уг зээлийн шаардлагад хөнгөлөлт оруулсантай шууд холбоотой. Энэ хэвээр зээл олгогдвол дараагийн 3-н сарын дотор эх үүсвэрээ зээлд бүрэн гаргах боломжтой.

- Төрийн банкны зүгээс Хөдөлмөрийн хэлтэстэй хэр хамтран ажиллаж байна вэ?

- Төрийн банк  Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд болон Хөдөлмөр эрхлэлтийн төвтэй  хамтарсан уулзалт зохион байгуулж ажиллаж байна. Банкнаас зээлд тавигдах шаардлага нөхцлийг уян хатан болгосон шийдвэрүүдийг тухай бүр мэдэгдэн байнгын харилцаатай ажиллаж байна.

Мөн  Зээлийн батлан даалтын сантай хамтран харилцагчдад сургалт зохион байгуулсан нь   Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл авахыг хүссэн барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэдэд боломжийг нээж өгч байна.

- Та бүхэнд ажлын амжилт хүсье
- Баярлалаа, танд ч бас амжилт хүсье.

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК